ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

НӨХЦӨЛ БОЛОН ШААРДЛАГА


 

АГУУЛГА

 

1.НЭР ТОМЬЁО 3

2.ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА 4

3.МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА 4

4.ХАРИЛЦАГЧИЙН ДАНС 7

5.ВИРТУАЛ ХӨРӨНГӨ 8

6.ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 9

7.ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 10

8.МӨНГӨ ХӨРӨНГӨ ТАТАХ БОЛОН ШИЛЖҮҮЛЭХ 11

9.ЭРСДЭЛ 11

10.ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА 12

11.ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ 12

12.МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМ САНХҮҮЖҮҮЛЭХ 13

13.ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЗГААРЛАГДАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ 13

14.НУУЦЛАЛ 14

15.ТАТВАР 14

16.ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ 14

17.ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ 14

18.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ДУУСГАВАР БОЛОХ 15

Хавсралт 1 16

 


 

Энэхүү ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН ШААРДЛАГА (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь АРД ЭКС ХХК (цаашид “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн зүгээс виртуал хөрөнгийн үйлчилгээг Харилцагчид (доор тодорхойлсноор) үзүүлэх нөхцөл болон тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичиг болно.

 

Тодруулга:

 

        Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь виртуал хөрөнгийн харилцаанд хамаарах бүх асуудлыг тусгаагүй болно.

 

        Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь зөвхөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагч (доор тодорхойлсноор) болох этгээдийн хооронд үүсэх харилцаанд холбогдох зүйлийг заасан болно.

 

        Виртуал хөрөнгө болон түүнд холбогдох харилцаа болон энэхүү Үйлчилгээний нөхцлийн дагуу Харилцагчид олгосон эрх нь Монгол Улсын болон тухайн Харилцагч (доор тодорхойлсноор)-ийн оршин суугаа улсын холбогдох хууль тогтоомжоор хязгаарлагдаж болно.

 

        Доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дараагүй буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй этгээдэд энэхүү Үйлчилгээний нөхцөл хамаарахгүй болно.

 

        Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, эсхүл холбогдох этгээдийн шийдвэрээс хамааран энэхүү Үйлчилгээний нөхцөл нь шинэчлэгдэх эсхүл өөрчлөгдөж болно.

 

1.    НЭР ТОМЬЁО

 

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доорх утгаар ойлгоно. Үүнд:

 

Виртуал хөрөнгө” гэдэг нь дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэний дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг ойлгоно.

 

Виртуал хөрөнгийн харилцаа” гэж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг ойлгоно.

 

Харилцагч” гэж доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарсан буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг ойлгоно.

 

Харилцагчийн хаяг” Харилцагчийн Платформд нэвтрэхэд ашиглагдах хаяг (Account)-ийг ойлгоно.

 

Платформ” Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс олон улсын хөрөнгийн арилжааны платформын жишгээр буюу цахим арилжаагаад зориулсан, блокчейн (blockchain) технологи дээр суурилсан виртуал хөрөнгийг чөлөөтэй арилжаалах боломжийг олгож буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформыг ойлгоно.

 

Шимтгэл” гэж Виртуал хөрөнгийн харилцаанд хамаарах банкны болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс тогтоосон буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1-т заасан болон бусад этгээдээс ногдуулж буй тогтсон хувь, дүнгээр тооцогддог мөнгөн дүнг ойлгоно.

 

2.    ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

2.1.     Хууль, эрх зүйн шаардлага

 

Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх өдрийн байдлаар Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эсхүл тухайн харьяа улсынхаа хуулийн дагуу өөртөө эрх олж авах болон зохих үүргийг бий болгох чадвартай 18 насанд хүрсэн иргэн байна.

 

Тодруулга: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн ирүүлсэн зохих баримт бичгийн хүрээнд тухайн харилцагчийн эрх зүйн бүрэн чадамжийг тодорхойлно. Харилцагч нь Монгол Улсаас бусад улсын харьяа иргэн байх тохиолдолд тухайн харилцагч нь өөрийн харьяа улсын хуулийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болсон эсэхийг шалгах үүргийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хүлээхгүй болно.

 

2.2.     Тоног төхөөрөмжийн шаардлага

 

Харилцагч нь энэхүү Виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо тухайн харилцаанд ашиглагдах вэбсайт, программ зэргийг ачаалах бүрэн чадамжтай төхөөрөмж болон аюулгүй байдлыг бүрэн хангасан интернэт холболтыг ашиглана.

 

Тодруулга: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн Харилцагчийн тоног төхөөрөмжийг зохих шаардлагад нийцэж буй эсэх болон интернэтийн аюулгүй байдлыг нь шалгах эсхүл шалгаж өгөх үүргийг хүлээхгүй болно.

 

2.3.     Техник технологийн мэдлэгийн шаардлага

 

Виртуал хөрөнгийн харилцаанд оролцоход зохих хэмжээний техник технологийн мэдлэг шаарддаг тул тухайн Харилцагч нь хэрэгцээт техник технологийн мэдлэгийг олж авсан байх шаардлагатай болно.

 

Харилцагч нь “Платформын Гарын Авлага”-тай танилцаж зохих мэдээллийг олж авсан байх шаардлагатай болно.

 

3.    МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА

 

3.1.     Харилцагчийн мэдэгдэл болон баталгаа

 

Харилцагч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр тухайн Харилцагчийн хүсэж буй үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд:

 

(1)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Танилцуулга[1] болон олон нийтийн сүлжээн[2] дахь цахим хуудастай танилцсан болохыг;

 

(2)     Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг уншиж, танилцсан болохыг;

 

(3)     Харилцагч нь доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас үүсэх хууль зүйн болон бусад үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болохыг;

 

(4)     Харилцагч нь доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(5)     Харилцагч нь энэхүү Виртуал хөрөнгийн үйлчилгээг аливаа дүр үзүүлэх зорилгоор аваагүй болохыг;

 

(6)     Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо аливаа хэлцэл эсхүл эх үүсвэр тодорхойгүй эсхүл хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуух болон далдлах зорилгоор оролцоогүй болохыг;

 

(7)     Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо үнэн санаанаасаа бус эсхүл хөнгөмсгөөр хандаж, түүний илэрнэ гэж урьдаас тооцож, эсхүл уг харилцаанд харшлах хүсэл зоригийг илэрхийлэн оролцоогүй болохыг;

 

(8)     Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай болохыг;

 

(9)     Харилцагч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эсхүл өөрийгөө зөв удирдаж чадахгүй, эсхүл сэтгэцийн түр зуурын сааталд ороогүй болохыг;

 

(10)  Харилцагч нь шаардлагатай зөвшөөрлийг зохих этгээдээс авсан эсхүл аливаа зөвшөөрлийг авах шаардлагагүй болохыг;

 

(11)  Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөгдөхгүй болохыг;

 

(12)  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1-т дурдсан Шимтгэлийг авахыг;

 

(13)  Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг эсхүл олон улсын хэмжээнд хэрэгждэг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах гэрээ, конвенц зэргийг зөрчиж энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцоогүй болохыг;

 

(14)  Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо 2015 оны 12-р сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа гэмт хэрэг болон өөрийн оршин суугаа улсын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбогдох хуульд заасан аливаа гэмт хэргийг үйлдэх зорилгоор оролцоогүй болохыг;

 

(15)  Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд хамаарах Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенц эсхүл өөрийн оршин суугаа газрын хууль тогтоомжийг зөрчиж оролцоогүй болохыг;

 

(16)  Монгол Улсаас бусад улсад энэхүү Виртуал хөрөнгийн харилцаанд оролцож байгаа болон бусад шаардлагатай тохиолдолд Харилцагч нь тухайн улсынхаа холбогдох эрх бүхий байгууллагаас энэхүү виртуал харилцаанд оролцох зөвшөөрлийг авсан болохыг;

 

(17)  Харилцагч нь энэхүү Виртуал харилцаанд оролцсоноор энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 9-р зүйлд заасан “Эрсдэл” хэсэгт дурдсан эрсдэлүүд үүсэж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(18)  Харилцагч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас өөртөө учирсан хохирлыг арилгахыг Виртуал хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчээс шаардах эрхгүйг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(19)  Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаардаггүй, Монгол Банк эсхүл Монгол Улсын засгийн газраас баталгаажаагүй гэдгийг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(20)  Виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй болохыг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(21)  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Платформ дээр байгаа аливаа виртуал хөрөнгөнд баталгаа өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(22)  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(23)  Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдохыг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(24)  Харилцагч нь зохих үйлчилгээ болон гүйлгээ авсны тохиолдолд зохих Шимтгэлийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

 

(25)  Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөн доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй зохих эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг Харилцагч нь мэдэгдэж, баталж байна.

 

3.2.     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Харилцагч нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс өөрийн хүсэж буй зохих үйлчилгээг авч байгаа болно. Үүнд:

 

(1)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг;

 

(2)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид хориглоогүй үйлчилгээг харилцагчид үзүүлж байгаа болохыг;

 

(3)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь олон улсад нийтлэг ашиглагддаг Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллагаас хориглоогүй технологийг ашигладаг болохыг;

 

(4)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн заасан зохих шаардлагыг хэрэгжүүлэх тогтолцоо, хяналтын системтэй болохыг;

 

(5)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн эрх ашгийг холбогдох хуулийн тогтоомжийн дагуу хамгаална гэдгийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдэж, баталж байна.

 

4.    ХАРИЛЦАГЧИЙН ДАНС

 

Харилцагчийн нь Платформ дээр дараах данстай байна. Үүнд:

 

4.1.     Виртуал хөрөнгийн данс

 

Харилцагч нь өөрийн виртуал хөрөнгийг удирдах Виртуал хөрөнгийн данс (цаашид “Виртуал хөрөнгийн данс” гэх)-тай байна.

 

4.2.     Төгрөгийн данс

 

Харилцагч нь виртуал хөрөнгө худалдаж авах болон виртуал хөрөнгийг шилжүүлэн авахад шаардагдах мөнгөн хөрөнгийн буюу төгрөгийн данс (цаашид “Төгрөгийн данс” гэх)-тай байна.

 

5.    ВИРТУАЛ ХӨРӨНГӨ

 

5.1.     Виртуал хөрөнгө

 

(1)     Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй бөгөөд Tөв Банк (Монгол Банк) эсхүл Засгийн газраас баталгаажуулаагүй болно.

 

(2)     Виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал эсхүл үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаарахгүй болно.

 

5.2.     Гүйлгээ

 

Харилцагч нь Монгол Улсын төгрөг болон бусад валютын хэлбэрийг ашиглан өөрийн бүртгэлтэй Мөнгөн хөрөнгийн данс руу мөнгөн шилжүүлгийг хийж болно.

 

Анхааруулга:

 

        Виртуал хөрөнгийн гүйлгээ нь тухайн гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамаарна бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцно.

 

        Төгрөгийн дансанд төгрөгөөс бусад валютаар орлого хийх тохиолдолд уг мөнгөн дүн тухайн шилжүүлсэн байгууллагын тогтоосон валютын ханшаар хөврөн Төгрөгийн дансанд орох болно.

 

        Техник, интернэт эсхүл бусад гаднын нөлөөнөөс хамааран тухайн гүйлгээ нь саатах эсхүл буцаагдаж болно.

 

        Харилцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас хийсэн гүйлгээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцахгүй болно.

 

5.3.     Шимтгэл

 

Харилцагч нь зохих үйлчилгээ, гүйлгээ, орлого, зарлага болон бусад хэлбэрийн арилжааг хийсэн тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1-т хавсаргасан буюу Шимтгэлийн Хүснэгтэд заасан хувиар зохих Шимтгэлийг төлнө.

 

Анхааруулга:

 

        Орлого, зарлага хийхэд банк болон тухайн харилцагчийн хандсан байгууллагаас тогтоосон бусад төрлийн шимтгэл тооцогдож болно.

 

        Алдаатай оруулсан мэдээлэл эсхүл зохих Шимтгэл дутсанаас хамааран тухайн гүйлгээ буцаагдаж болно.

 

        Харилцагч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй болно.

 

6.    ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 

6.1.     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх

 

(1)     Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.1-р зүйлд заасан зүйлийг зөрчсөн, биелүүлээгүй эсхүл биелүүлэх боломжгүй болсон гэж үзсэн тохиолдолд тухайн Харилцагчийн үйлчилгээ авах эрх болон хаягийг нь хязгаарлах эсхүл хаах хүртэл арга хэмжээг авах эрхтэй байна.

 

(2)     Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль эсхүл бусад холбогдох хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн Харилцагчийн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхтэй байна.

 

(3)     Харилцагчийн орлого, зарлага, арилжааны болон бусад түүхийг зохих шалтгааны улмаас устгахгүй байх эрхтэй байна.

 

(4)     Монгол Улсын болон Гадаад Улсын эрх бүхий төрийн байгууллагаас аливаа харилцагчийн мэдээллийг зохих хуулийн үндсэн дээр шаардсан тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх эрхтэй байна.

 

(5)     Харилцагчийн энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан зохих үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

(6)     Харилцагч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, Платформын үйл ажиллагаанд өөрийн биеэр эсхүл цахим хэлбэрээр халдахыг оролдсон, арилжааны ханшийг санаатайгаар өсгөж, бууруулсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн Харилцагчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах эсхүл хязгаарлах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй байна.

 

6.2.     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

 

(1)     Виртуал хөрөнгөнд холбогдох мэдээллийг Харилцагчид үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй байна.

 

(2)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.2-р зүйлд заасан Мэдэгдэл болон баталгааг үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй байна.

 

(3)     Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг холбогдох хуулийн дагуу хамгаалах үүрэгтэй байна.

 

(4)     Харилцагчийн мөнгөн болон виртуал хөрөнгийг найдвартай буюу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хадгалах үүрэгтэй.

 

7.    ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 

7.1.     Харилцагчийн эрх

 

(1)     Харилцагч нь виртуал хөрөнгийг чөлөөтэй арилжиж, хадгалж, шилжүүлэх эрхтэй байна.

 

(2)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан зохих үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

7.2.     Харилцагчийн үүрэг

 

(1)     Харилцагч нь өөрт холбогдох баримт бичгийг үнэн зөв ирүүлэх үүрэгтэй болно.

 

(2)     Харилцагч нь өөрийн Виртуал хөрөнгийн данс болон Төгрөгийн дансанд зохих хяналт тавих үүрэгтэй болно.

 

(3)     Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.1-р зүйлд заасан Мэдэгдэл болон баталгааныхаа үнэн зөв байдлыг хариуцах болон хадгалах үүрэгтэй байна.

 

(4)     Өөрт холбогдох мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй байна.

 

(5)     Өөрийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд Харилцагч нь Платформд нэвтэрч тухайн өөрчлөгдсөн мэдээллийг нэн даруйд шинэчлэн хадгалах, шаардлагатай тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохих албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй байна.

 

(6)     Өөрийн Хаяг, Виртуал хөрөнгийн данс, Төгрөгийн дансанд сэжигтэй тохиолдолд илэрсэн тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.

 

(7)     Харилцагч нь бусад этгээдэд өөрийн Хаяг, Виртуал хөрөнгийн данс эсхүл Төгрөгийн дансыг хуульд хориглосон эсхүл зөвшөөрсөн байдлаар, эсхүл хуульд заагаагүй бусад аргаар бусдад шилжүүлэх, ашиглуулах болон бусад аргаар аливаа этгээдийн мэдэл шилжүүлэхгүй байх үүрэгтэй байна.

 

8.    МӨНГӨ ХӨРӨНГӨ ТАТАХ БОЛОН ШИЛЖҮҮЛЭХ

 

8.1.     Мөнгөн хөрөнгө татах

 

Харилцагч нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өөрийн Мөнгөн хөрөнгийн данснаас мөнгөн хөрөнгө татаж болно.

 

8.2.     Мөнгөн хөрөнгө шилжүүлэх

 

Харилцагч нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу тодорхой дүнтэй мөнгөн хөрөнгийг өөрийн Виртуал данс руу виртуал хөрөнгө болгон шилжүүлж болно.

 

9.    ЭРСДЭЛ

 

Анхааруулга: Виртуал хөрөнгө нь Монгол Улсад төдийгүй бусад улс орнуудад хувьд шинээр бий болсон үнэт зүйл тул доор заасан эрсдэлүүдээс бусад эрсдэл үүсэж болзошгүй болно.

 

Виртуал хөрөнгийн онцлогоос хамааран дараах эрсдэл үүсэж болохыг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:

 

9.1.     Нийтлэг эрсдэл

 

Виртуал хөрөнгийн харилцаанд дараах нийтлэг эрсдэлүүд үүсэж болно. Үүнд:

 

(1)     Тайлбарлах боломжгүй үнийн хэлбэлзэл үүсэж болно.

 

(2)     Урьдчилан тооцоолох боломжгүй бусад нийтлэг эрсдэл үүсэж болно.

 

9.2.     Виртуал хөрөнгөнд холбогдох эрсдэл

 

(1)     Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаардаггүй бөгөөд Монгол Банк эсхүл Монгол Улсын засгийн газраас баталгаажаагүй тул аливаа виртуал хөрөнгөнд тогтсон үнэ гэж байхгүй болно.

 

(2)     Виртуал хөрөнгийг Хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах даатгал болон бусад төрлийн даатгалд хамруулж болохгүй болно.

 

(3)     Гаднын нөлөөнөөс буюу виртуал хөрөнгөнд холбогдох олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон аливаа виртуал хөрөнгийн үнэ цэнэ огцом өөрчлөгдөж болно.

 

(4)     Урьдчилан тооцоолох боломжгүй бусад эрсдэл виртуал хөрөнгөнд үүсэж болно.

 

9.3.     Гаднын нөлөөлөлтэй эрсдэл

 

(1)     Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэний хэлбэлзлээс хамаарч их хэмжээний алдагдал Харилцагч нь хүлээж болно.

 

(2)     Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх өндөр магадлалтай болно.

 

(3)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болж болно.

 

(4)     Бусад урьдчилан тооцоолох боломжгүй шалтгааны улмаас сүлжээ тасрах, тасалдах болзошгүй болно.

 

10.  ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА

 

10.1.  Нийтлэг хариуцлага

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

 

(1)     Платформын хэвийн ажиллагааг хариуцан ажиллах;

 

(2)     Платформыг зохих халдлагаас хамгаалах;

 

(3)     Харилцагчийн эрх ашгийг хуулийн заасан хэмжээнд хамгаалах;

 

(4)     Хуульд заасан бусад хариуцлагыг хүлээн ажиллана.

 

11.  ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

 

11.1.  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага хүлээхгүй байх болон хязгаарлагдах нөхцөл байдал

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд зохих хариуцлага хүлээхгүй болно. Үүнд дараах зүйл хамаарах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болно:

 

(1)     Харилцагчийн ашигласан төхөөрөмж эсхүл интернэт зэргээс үүссэн алдаатай гүйлгээ зэргээс үүсэн хохиролд;

 

(2)     Харилцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан үүссэн цахим халдлага (хакерын ажиллагаа) болон түүнээс үүссэн хохиролд;

 

(3)     Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.1-р зүйлийг зөрчсөнөөс үүсэн хариуцлагад;

 

(4)     Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 15-р зүйл заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд;

 

(5)     Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур бусад асуудлын хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээхгүй болно.

 

12.  МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМ САНХҮҮЖҮҮЛЭХ

 

12.1.  Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэх

 

Харилцагч болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг эсхүл олон улсын хэмжээнд хэрэгждэг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай гэрээ, конвенц зэргийг дагаж мөрдөх үүрэгтэй болно.

 

12.2.  Харилцагчийг таньж мэдэх

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон 2019 оны 1-р сарын 21-ний өдөр Монгол Банкны Ерөнхийлөгчийн А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан Мөнгө угаах, Терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын дагуу болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг явуулж болно.

 

13.  ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЗГААРЛАГДАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

Дараах тохиолдолд Платформын үйлчилгээг хязгаарлана. Үүнд:

 

13.1.  Гаднын нөлөө

 

Гуравдагч этгээдийн халдлага буюу (i) хакерын халдлага, (ii) системийн вирусийн халдлага, (iii) харилцаа холбооны технологийн тохируулга, шинэчлэлт, засвар, (iv) техникийн алдаа, (v) банкны аюулгүй байдал эрсдэлд орсон тохиолдолд, (vi) төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, (vii) холбогдох талын үйл ажиллагааны доголдол, (viii) холбогдох этгээдийн системийн эсхүл сүлжээний доголдол, (ix) энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 16-р зүйлд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалан тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл Платформын үйлчилгээг сүлжээг зогсоож болно.

 

Дээр дурдсан аль нэг тохиолдолд Харилцагчийг хамгаалах, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг зохих хугацааны өмнөх байдалд буцаан шилжүүлэн ажиллуулж болно.

 

13.2.  Дотоод асуудал

 

Платформын сайжруулалт хийх болон бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээг түр зогсоож болно.

 

14.  НУУЦЛАЛ

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын холбогдох хуулийн дагуу Харилцагчийн нууцыг хадгална.

 

15.  ТАТВАР

 

15.1.  Харилцагчид хамаарах татвар

 

Монгол Улсын болон тухайн Харилцагчийн өөрийн байгаа газрын холбогдох хуулийн дагуу үүссэн Харилцагчид холбогдох татварын бүхий асуудлыг тухайн Харилцагч нь бие даан хариуцах болохыг анхаарна уу.

 

16.  ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

 

16.1.  Тодорхойлолт

 

Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур буюу урьдчилан тооцоолох эсхүл таамаглах боломжгүй, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү Үйлчилгээний нөхцөлд дурдсан эсхүл виртуал хөрөнгөнд холбогдох үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд дараах зүйлүүд орох боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болно: газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодитын хордуулалт, олон улсын шинжтэй хил боомт хаагдах (аль нэг талдаа), хяналтаас гадуур интернэтийн хязгаарлалт, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, ажил хаялт, аж үйлдвэрийн бусад үйл явдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр, газрын агентлагуудын бусад арга хэмжээ болон нийгмийн онцгой байдал зэрэг хамаарна.

 

16.2.  Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйлд холбогдох хариуцлагын хязгаарлалт

 

Дээр дурдсан 16.1-р зүйл заасан нөхцөл байдал үүссэний улмаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгөнд холбогдох үйлчилгээг үзүүлээгүй эсхүл тасалдуулсан тохиолдолд зохих хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд холбогдох үүргийг хүлээхгүй болно.

 

17.  ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

 

17.1.  Зохицуулах хууль

 

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд холбогдох маргааныг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 

17.2.  Маргаан шийдвэрлэх

 

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд холбогдон үүсэн аливаа маргааныг Талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. Зөвшилцөөд шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын зохих шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.

 

18.  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ДУУСГАВАР БОЛОХ

 

Үйлчилгээний нөхцөл нь харилцагч өөрийн Хаягийг хаалгах хүсэлт илгээнэ тухайн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хүлээн авснаар Үйлчилгээний нөхцөлд дурдсан тодорхой зүйл дуусгавар болно.

 

***


 

Хавсралт 1

 

 

ШИМТГЭЛИЙН ХҮСНЭГТ

 

 

Биткойн

АрдКойн

Төгрөг

Btc withdrawal 0.00081

ARDX withdrawal 1%

ArdCash/MNT withdrawal 1%

 



[1]Digital Assets Exchange буюу DAX (dax.mn) нь 2020 оны 12 сарын 14-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай виртуал хөрөнгийн бирж юм.